Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ

otgonbat

Олон улсын хөтөлбөртэй Шинэ Зууны Удирдагч ерөнхий боловсролын сургуульд тавтай морилно уу! Манай сургууль нь 2012 онд үүсгэн байгуулагдаж 9 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Монгол улсын шилдэг хувийн сургуулиудын нэг юм. Ирээдүйн удирдагчдыг бэлдсэн өнгөрсөн хугацаанд манай олон зуун төгсөгчид Монголдоо төдийгүй дэлхийн шилдэг их сургуулиудад тэтгэлэгтэй суралцаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авч дотоодын шилдэг их сургуульд элсэн суралцсан, Англи хэлний өндөр түвшинд хүрч АНУ, Өмнөд Солонгос, Тайваний шилдэг их сургуулиудад 100 хувь тэтгэлэгтэй суралцсан зэрэг амжилтын олон түүхийг дурдаж болно. Бидэнд итгэж суралцсан сурагчид, хамтдаа зүтгэсэн багш нар, ар талд байсан эцэг эхчүүд, бидний бахархал болсон төгсөгчид та бүхэндээ баярлалаа!

2019 оны хичээлийн жилээс манай сургууль Кэмбрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн. Мөн Кэмбрижээс гадна үндэсний цөм хөтөлбөрөөрөө Монгол хэл, соёл, уламжлалаа алдахгүй суралцахын зэрэгцээ дэлхий иргэн болж төлөвших, манай сургалтын чанар, стандарт олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, хос хэлний орчинд Англи хэлийг төгс эзэмших зэрэг олон давуу талууд үүсэж байгаа юм. Ахлах ангид TOEFL, IELTS, SAT зэрэг шалгалтуудад бэлдэж гадаадад тэтгэлэгтэй сургах бэлтгэлийг эртнээс хангах, Англи хэлийг эрчимжүүлсэн хэлбэрээр Америк, Монгол багш нараар заалгаж зарим хичээлийг 100 хувь гадаад багштай Англи хэлээр үзсэнээр хүүхдийн Англи хэлний түвшин эрс сайжирч байна.

Өнөөдрийн дижитал хувьсгал, хиймэл оюун ухаан хөгжиж буй үед өөрөө хөгжсөн, бусдыг манлайлж чадах төгсөгчид амжилттай байх нь олон судалгаагаар харагдаж байгаа. Тиймээс Харвардын их сургуулийн төгсөгчийн хувьд миний бие жинхэнэ манлайллын сурагчийн хөгжлийн хөтөлбөрийг санаачилж сурагч бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг Харвардын загвараар явуулж эхэлсэн. Тиймээс танай хүүхэд зөв хүн болж төлөвших, өөрийгөө илэрхийлэх, бусадтай хамтарч ажиллах, бусдыг ойлгох зэрэг манлайллын олон талт чадваруудыг эзэмшинэ. 21 зуунд хамгийн IQ өндөртэй нь бус EQ өндөртэй нь манлайлах нь ойлгомжтой тиймээс Шинэ Зууны Удирдагч олон улсын сургууль нь хүүхэд бүрийн дотор буй онцгой чадваруудыг хөгжүүлэхийн төлөө ажиллана.

Та бүхнийг манай сургуульд тавтай морилохыг урихын ялдамд ирээдүйн удирдагч, насан туршдаа суралцагчдын хамт олонтой нэгдсэнд баяр хүргэе!

Бархүүгийн Отгонбат

Үүсгэн байгуулагч, Удирдах Зөвлөлийн Дарга (MC/MPA 2016, Харвардын Их Сургууль)